Skip links
Published on: Нийтлэл

УДИРДЛАГЫН ШИЙДВЭРИЙН ҮР ӨГӨӨЖИД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС

Кэйс: үүсгэн байгуулагдаад 20 гаран жил болсон, дунд шатны удирдлага, захиралуудын тоо 100 гарсан бүгд шахуу дотоод хүний нөөцөөсөө дэвшсэн, энэ албан тушаал дээрээ дунджаар 10 гаран жил болсон байгууллагын хүний нөөцийн захиралд учирсан сорилт. Анх үүсгэн байгуулагдаад старт ап байхаасаа маш их эрч хүчтэй, хурдтай шийдвэр гаргадаг, өндөр өсөлттэй байсан. Гэтэл 20 жил өнгөрсөний дараа дунд шатны удирдлага, захиралуудын шийдвэр гаргах хурд удааширч, хий эргэж, хэтэрхий их хаширлаж, маш их судалж, эрсдэлийг тооцоолж, цаг их алддаг болсон.

Даалгавар: Тэднийг дахин эрч хүчтэй, хурдтай шийдвэр гаргадаг болгох!

Ийм сорилт бэрхшээл заавал 20 жил болсон гэлтгүй мөн зөвхөн бизнес гэлтгүй хүн удирддаг, хүнтэй харилцдаг, хариуцлага үүрдэг (professional managers) мэргэшсэн удирдлагаар ажилладаг л бол дэлхийн хэмжээнд ч нийтлэг асуудал, сорилт ажээ. Сүүлийн үед удирдлагын шийдвэр гаргалтын ур чадварыг Нейрокогнитив шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлснээр энэ салбарт гэрэл тусгасан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтны тархи, нейрофизиологийн ухамсаргүй хариу үйлдлийг хэмжин судалж, шийдвэр гаргалтын ур чадварыг нь үнэлж, тогтмол сайжруулах хөтөлбөр, дасгалжилтыг урт хугацаанд байгууллагын соёл болтол нь хэвшүүлж, тухайн бизнес, олон нийтийн болон төрийн байгууллага, ерөөс системийн тогтвортой өсөлтийг нь тэтгэх боломжтой болсон.

Аливаа систем дотор удирдлагын шийдвэрийн үр өгөөжид дараахь 5 хүчин зүйлс голлон нөлөөлдөг аж. Мэдээж тухайн хувь хүний гэр бүлийн амьдрал, амжилтыг хамаараагүй, гэхдээ огт тооцож, харгалзаж үзэхгүй гэсэн үг бас биш болно.

Засаглалын бүтэц: Зөв засаглал нь хувь эзэмшлийн зохист бүтэц, удирдах зөвлөлийн бүтэц, зөвлөлийг удирдах механизм болон удирдлагыг урамшуулах механизмыг онцлон анхаардаг. Хувь эзэмшлийн бүтэц нь байгууллагын засаглалын бүтцийг тодорхойлох маш чухал хүчин зүйл болдог бөгөөд хувь эзэмшигчийг удирдлага төлөөлөх зарчмын харилцааг тодорхойлж өгдөг. Удирдлагын урамшуулалын механизм нь хувь эзэмшигчийн хүсэж буй зорилтод төлөөлөн удирдаж буй хүний зан төлвийн зорилт нь нийцэж байхыг урамшуулж байдаг.

Шийдвэрийн систем: Байгууллагын шийдвэрийн системийг 3 шалгуураар үнэлнэ.

  1. Шийдвэр гаргалтын алдааны хувь, (Дотроо эерэг ба сөрөг 2 хуваагдана. эерэг: байгууллагын төсөөлснөөс илүү үр дүн, сөрөг: байгууллагын оновчгүй шийдвэр гаргалт)
  2. Шийдвэр гаргалтаа зассан хувь (засвар бага байна гэдэг нь шийдвэр гаргалт чанартай гэсэн утга биш, мэдээллийн урсгал, системийн эмх цэгцээс шалтгаалж болно. Их зассан гэдэг нь чанаргүй гэсэн утга биш байгууллага комплекс, хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчинд дасан зохицох чадамжыг илэрхийлж болно.
  3. Шийдвэр гаргалтаа хэрэгжүүлэх чадамж

Шийдвэр гаргах мэдээлэл бол маш чухал. Шийдвэр гаргах мэдээллийнхээ үр ашгийг анхаарах ёстой. Шинжлэх ухаанч шийдвэр гаргалт нь үнэн бодит, бүрэн мэдээлэл, чанартай аналитик аргачлалаас гадна мэдээллээ зөв ойлгох, чухал болгож буй шинж чанарыг нь онцлон харахаас ихээхэн хамаарна. Шийдвэр гаргах ур чадварын талаархи шийдвэр гаргах мэдээлэл нь дараахь асуудлыг голчлон авч үздэг. Үүнд: мэдээллийн хугацааны үечлэл, маргашгүй байдал, хэмжээ, давтагдах байдал, олж авахад гаргасан зардал болон үр ашигтай байдал зэрэг болно.

Удирдлагын эрх мэдэл гэдэг нь албан тушаал, хувь хүний харизмын цогц бөгөөд байгууллагын шийдвэр гаргах чадамжинд нөлөөлж байдаг. Хэт их болон бага эрх мэдэл нь шийдвэр гаргах чадамжинд нөлөөлнө. Хэт их эрх мэдэл нь дарангуйлал, дангаар ноёрхох байдлыг өөгшүүлж, удирдлагын системийн уян хатан байдал, нэгжүүдийн харилцан уялдаа доголдож, тэмүүлэл, санаачлага, бүтээлч байдлыг үгүйсгэж, шийдвэр гаргах чадамжыг бууруулж байдаг. Хэт бага эрх мэдэл нь нэгтгэж чаддаггүй, харилцаа сул, нөөцийг үр ашиггүй зарцуулж, шийдвэр гаргалтанд муугаар нөлөөлдөг. Тухайн лидерын харизм нь нэгжүүддээ хэрхэн нөлөөлж байгаагаас хамаардаг.

Байгууллагын шийдвэр гаргалт нь үнэ цэнийг дээдэлсэн байгууллагын соёлыг эрхэмлэдэг бол шийдвэр гаргалт илүү үр өгөөжтэй, жигд хүртээмжтэй байна. Шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх тухайд байгууллагын соёл нь сэтгэхүйн адилсал /psychological identification/ бий болгож, нийтлэг алсын харааг бүтээдэг. Сэтгэхүйн адилсал нь байгууллагын соёлын уур амьсгалыг илүү нэгтгэн сайжруулж, ёс суртахууны хэм хэмжээ, харилцааг бүтээж шийдвэр гаргалтын чадамжыг сайжруулж байдаг. Нийтлэг алсын хараа нь бүлгийн сэтгэхүй үүсэх орчинг бий болгож, хувь хүний зан төлвийг уг орчиндоо уусан нийцэхийг шаардаж байдаг бөгөөд байгууллагын гишүүдийн сэтгэхүйн зохирол, зааг хүрээг бий болгодог. Ингэснээр байгууллагын гишүүд өөрсдийн зан төлвөө хянах, хязгаарлах чадамжтай болох ба шийдвэр гаргалтыг сайжруулж байдаг.

Эдгээр таваас эхний дөрөв нь субъектив буюу тухайн системийн өөрийнх дотоод хүчин зүйл байдаг бол байгууллагын соёл нь обьектив буюу хамтын бөгөөд комплекс шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл оролцогч, нөлөөлөгч нь хэт олон, харилцан үйлдэлийг урьдчилан таамаглах аргагүй, удирдлагыг бүрхэж байдаг гадаад орчин билээ. Гэхдээ үүнийг өөрчлөн чиглүүлж, тэтгэн урамшуулж болно. Сүүлийн жилүүдэд Монгол компаниуд байгууллагын соёлыг онцгойлон анхаарах болжээ. Учир нь технологижсон шинэ үеийнхэн ажиллах хүчнийг бүрдүүлээд эхлэх үед тэдний ертөнцийг үзэх үзэл, үнэ цэнэ-эрхэмлэлийн тогтолцоо, сэтгэлгээг харгалзан үзэх шаардлагатай болсон.

Бодит жишээ гэвэл удаа дараа хоцордог ажилд ороод удаагүй залууг цалинг нь хасах шийтгэл байгааг сануулж, донгодох гэтэл “тэгвэл тэгнэ л биз, би угаасаа койнтой юм чинь” гэсэн үзэл хандлага гаргадаг болсон байна. Угаасаа ч энэ үеийнхэн нэг ажлын байранд тогтдоггүй, шаардлагатай ур чадварыг нь хурдхан сураад CV-гээ аятайхан, “том” логогоор баяжуулж аваад дараагынх руу явна. Ажлын хажуугаар зэрэг youtuber, coiner, NFT, gamer, bet гээд орлого олох өчнөөн өөр боломж, чадамжтай, гадагшаа тэмүүлэлтэй болсон. Ийм нөхцөлд удирдлага хэрхэн шийдвэр гаргавал зохилтой вэ?

Ийм нөхцөлд гадны компаниуд даяар хамтын үнэ цэнийг илэрхийлсэн, түүнийгээ хамгаалсан байгууллагын шинэ соёл, үзэл санааг бүтээх болсон. Харин үүнийг амжилттай бүтээхийн тулд удирдлагын шийдвэр гаргалтын ур чадварыг сайжруулах Нейрокогнитив шинжлэх ухааны аргачлалыг санал болгож байна.

Энэ нь тусдаа маш том сэдэв тул дараагын дугаараар цуврал болгон нийтлэх болно. Гэхдээ танд урьдчилан мэдэж, түрүүлж алхах боломж байгаа шүү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл office@neuromarketing.mn имэйл бичих буюу 80848480 утсаар холбогдож болно.

Далай Нейрокоуч

Leave a comment